Улаанбаатарын хотын иргэд хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөх шаардлагатай.
Хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж байх хугацаанд иргэд гэрийнхээ хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрээс хэрэгцээт зүйлсээ авах, эмнэлгийн яаралтай тусламж авах, эмийн сан орох, зөөврийн ус, түлш авах болон коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарах боломжгүй.
Энэ хугацаанд гудамж талбайд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид тээврийн хэрэгслээр болон явганаар хяналт тавин ажиллана.
Хатуу хөл хорионы хугацаанд
- Нийслэлд өргөтгөсөн хүрээний тандалт хийх зорилгоор Нэг өрх-Нэг шинжилгээ, Нэг хаалга-Нэг шинжилгээг зохион байгуулна.
- Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын ажилтнуудын 15 хүртэл хувь нь хувийн машинтайгаа ажилдаа ирж, очиж болно.
- Төр захиргааны байгууллагын ажилтнууд тусгай үйлчилгээний автобусаар зорчино. Иргэд зорчихгүй.
- Яаралтай эмнэлгийн тусламж авах гэж байгаа болон гачигдал гарсан иргэдийг хувийн машинтайгаа зорчихыг зөвшөөрнө.
- 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгнө.
- ТҮК болон орон сууц, нийтийн үйлчилгээний газрын ажилчид шинийн 2-нийг хүртэл байгууллага дээрээ 72 цагаар ажиллана.
- Хүндэтгэн үзэх шалтгаанаар хувийн машинтайгаа зорчиж буй иргэдийн хөдөлгөөнийг теле камераар хянана.
Мөн гэр бүлийн гишүүн нь COVID-19 шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарвал нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь тусгаарлан, шинжилгээ авах тархвар зүйн баг ажиллуулахаар төлөвлөснийг өчигдөр танилцуулсан билээ.
Б.Ирээдүй