Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргааны эрх бүхий хоёр албан тушаалтныг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд саатуулан өдгөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээн үргэлжлүүлэн шалгаж байна. Тэд дархан цаазат уулын хамгаалалтын бүсэд газар олгоно хэмээн багагүй хэмжээний мөнгө авч байсан аж. Харин тэдэнд хахууль өгсөн хүн нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн үүсгэн байгуулсан ТЭСО ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны хүү юм байна. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын харьяанд байдаг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хоёр албан тушаалтныг бусдаас хахууль авсан үндэслэлээр шалгаж эхэлсэн нь үнэн. Шалгалт эхлээд удаагүй болохоор хаана ямар газар олгохоор хэдий хэмжээний мөнгө авч, өгсөн талаар мэдээлэх боломжгүй” гэсэн юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр хэрэгт холбогдсон хүмүүсийг цагдан хориод байгаа аж.
Юутай ч Богдхан ууланд хууль зөрчин олгосон газруудыг ЭЦА-ныхан шалгаж байхад хамгаалалтын захиргааных нь ажилтнууд хахууль аван бусдад газар олгох гэсэн үйлдэл дээрээ баригдлаа. Эдгээр хэргийн талаар бид цаг тухайд нь эргэн мэдээлэх болно.
Бэлтгэсэн: Г.Равжаа