Өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгсэн.
Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Мөн хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт очсон иргэн бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн ба шинжилгээгээр Covid-19 халдвар илэрсэн байна.
Иргэд А нь нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирсэн гэх ч сумын төвийн спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авахад эерэг гарчээ.
Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгчхөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байсан нь илэрсэн юм.
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь голомтын бүсээс зорчин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг анхааруулж байна.
Л.Баяр