Цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ буюу хүнсний талоны үнийг хоёр дахин нэмсэн. Тодруулбал, насанд хүрсэн иргэнд 16 мянган төгрөгийн хүнсний талоны эрх олгодог байсан бол 32 мянга болгосон. Мөн хүүхдэд найман мянган төгрөгийн эрхийн бичиг өгдөг байсан 16 мянга болгож нэмэгдүүлсэн.
Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүнсний эрхийн бичгийг буцаан хуучнаараа буюу насанд хүрсэн нэг иргэнд 16, хүүхдэд найман мянган төгрөг олгож байна.
Улсаас нэн ядуу айл өрх, эмзэг бүлгийн иргэдийн наад захын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлдэг. Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 2009 оноос тус үйлчилгээг хэрэгжүүлж байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд 0-1000 хүртэлх оноо өгдөг. Судалгааны дүнд тэг рүү тэмүүлж байвал хэрэглээ багатай. 1000 руу өсөж байвал хэрэглээ өндөртэй гэсэн үг. Ядуурлын түвшинг нийслэлд 292.5, хөдөө орон нутагт 310 онооноос доогуур түвшинд орсон иргэдэд хүнсний эрхийн бичиг олгодог.
Л.Баяр