Нийслэлийн нутгийн захиргааны 84 байгууллагын 270 төрийн албан хаагчид “Зөв менежмент-Зөв тогтолцоо” сэдэвт олон улсын стандарт танилцуулах сургалтыг цахимаар амжилттай зохион байгуулжээ.
Коронавирусийн тархалттай холбоотойгоор үүссэн онцгой нөхцөл байдлын үед нутгийн захиргааны байгууллагуудын ажил, үйлчилгээ тасралтгүй, түргэн шуурхай, уян хатан байх шаардлага тулгарч байна.
Түүнчлэн менежментийн зөв арга хэрэгсэлд тулгуурлан, осол аваарын үеийн менежмент, эрсдлийн менежментийн мэдлэг, ойлголт чухал бөгөөд эрсдлийг даван туулах, удирдах арга зүйг эзэмшсэн байхыг нийгэм шаардаж байна.
Тиймээс дээрх чадвар, чадамжийг бий болгох арга зүй, стандарт, шаардлагад нийцүүлэн ажиллах боломж нөхцлийн талаар сургалтад хамрагдсан алба хаагчдад танилцуулсан байна.
“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-аас богино хугацаанд хүртээмжтэй сургалт зохион байгуулсанд Нийслэлийн засаг даргын тамгын газар талархаж буйгаа илэрхийлсэн байна.
“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ нь менежментийн зөвлөх үйлчилгээ, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хөгжингүй орнуудын хөгжлийн түлхүүр болсон олон улсын менежментийн тогтолцооны стандартыг Монгол улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудад үе шаттай хэрэгжүүлэн байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалт, тогтвортой хөгжилд дэмжлэг болон ажилладаг байна.
Дашрамд дурьдахад тус байгууллага нь 2020 оны байдлаар Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0288-р анги, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Говьсүмбэр аймгийн ЗДТГазар болон Ховд аймгийн 10 (арван ) төрийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.