ЭХЭМҮТ-ийн Эрүү Нүүрний Мэс Заслын Тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай баг “Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь” бүтээлээрээ Монгол Улсын Төрийн Соёрхол хүртэж байна.
Энэхүү бүтээл нь шинэ технологийг нэвтрүүлэн, нутагшуулсан сонгодог жишээ болж байна. Шүд, нүүр ам судлалын эмнэлзүйн анагаах ухаанд оношилгоо эмчилгээний иж бүрэн технологийг цогцоор нь нэвтрүүлж, олон жилийн турш тогтвортой үр дүнд хүртэл нь ашиглаж болдгийн бодит жишээ, үлгэр загвар боллоо.
Манай эмч мэргэжилтнүүд сүүлийн 22 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 87 удаа хөдөө орон нутагт хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, 3280 хүүхдэд мэс заслын эмчилгээ, 2500 орчим хүүхдэд бусад хавсарга эмчилгээ хийсэн байна. Ингэснээр орон нутгийн иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн хэмнэлтийг үзүүлжээ.
Хамгийн том үр дүн нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн өвчин эмгэгтэй хүүхэд багачууд гадаадын улс орон руу явж эмчлүүлэхгүйгээр, 100 хувь Монгол улсдаа оношлогдож, эмчлэгдэх боломжтой болсон явдал билээ.
Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг дэлхийн түвшинд хүргэж, Монгол орны ийм эмгэгтэй бүх хүүхэд залууст санхүүгийн бэрхшээлгүйгээр тэгш, хүртээмжтэй хүргэж чадсан.
Багийн ахлагч Г.Аянга сүүлийн 8 жилд Мянъмар, Хятад, Индонези, Филиппин, ОХУ улсад уригдан хүмүүнлэгийн ажилд оролцож 200 орчим хүүхдэд мэс засал хийсэн байна.
Монголын төр засаг, түмэн олон маань манай баг хамт олны ажлын амжилтыг, хөдөлмөр зүтгэлийг ийнхүү үнэлж хүндэтгэн “Төрийн соёрхол” хүртээсэнд ЭХЭМҮТ-ийн хамт олон бид маш их баярлан, догдолж байна.
ЭХЭМҮТ-ийн хамт олон үүсч хөгжсөнийхөө 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд манай төвийн түүхэнд 2 дох Төрийн соёрхолт баг ийнхүү төрөн гарлаа. Цохон тэмдэглэхэд, Монголын анагаах ухааны шүд, нүүр ам судлалын салбараас анх удаа Төрийн соёрхол хүртэж байна.
Г.Аянга ахлагчтай баг хамт олондоо дахин халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Ш.ЭНХТӨР /АУ-ны доктор, клиникийн профессор, Удирдлагын ШУ-ны магистр, Хүүхдийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч , МУ-ын Хүний гавьяат эмч,ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал…/