“Амгалан” амаржих газарт нийтдээ долоон хүн коронавирусийн халдварт өртсөн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ.
Тэрбээр “Амгалан амаржих газраас долоон тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр нь амаржсан ээж бол бусад нь тухайн эмнэлгийн эмч, сувилагч байна.
Тус төрөх эмнэлэгт анх халдвар бүртгэгдэхэд үйл ажиллагааг нь зогсоож, эрэмбэлэн ангилал хийхэд нэмж тохиолдлууд бүртгэгдсэн учраас дахин ялгаж байна.
Ингэхдээ хавьтал болоогүй, бусад шалтгаанаар эмчилгээ үйлчилгээ шаардлагагүй байгаа 93 ээжийг эмнэлгээс гаргаж гэрийн ажиглалтад байлгахаар болсон.
Мөн хавьтал болоогүй ч эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлнэ. Харин хавьтал хамааралтай ч эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүсийг тус эмнэлэг дотор өөр тасагт шилжүүлэн хэвтүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Ингэхээр хавьтал болсон 90 хүн тус эмнэлэгт үлдэж байна. Үүнээс жирэмсэн 16 эмэгтэй, амаржсан 17 эх бий.
Одоогоор “Амгалан” амаржих газарт халдвар гарсантай холбоотойгоор нийтдээ 446 хүнд PCR шинжилгээ хийсэн. Одоогоор тандалт судалгаа үргэлжилнэ” хэмээв.
Н.Батаа