ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.
-Эдгэрсэн хүмүүс дахин ковидын халдвар авсан уу. Авсан бол тухайн хүмүүсийн биеийн байдал ямархуу байгаа вэ. Хоёрдугаарт агааржуулалтын системээр халдвар тархах боломжтой юу?
-Манай орны хувьд коронавирусээр эдгэрч гараад дахин халдвар авсан хүн одоогоор байхгүй байнаа. Агааржуулалтын системээр халдвар тархаж байгаа талаар манайхаас гадна дэлхий нийтэд яригдаж байна. Сингапур, Хонгконгт нийтийн ажилчдын байранд халдвар тарсан бөгөөд агааржуулах хоолойгоор халдвар дамжсан байх магадлалтай гэх жижиг судалгааны дүн байгаа. Түүнээс яг агааржуулалтын хоолойгоор дамжсан, дамжаагүйг эцсийн вариантаар баталсан зүйл байхгүй.
Тархвар судлалын тандалт судалгаа хийж агааржуулалтын хоолой, агааржуулалт муу ажиллах нь эрсдэлтэй юм гэх дүгнэлт гарсан. Манай орны хувьд нийтийн байр мөн нэг орон сууцны хүмүүст халдвар тархсан тохиолдлуудад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны алба тандалт судалгаа хийж байна.
Л.Баяр