Дэлхийн олон орны эмч нар коронавирусийг улирлын томуугаас хэд дахин аюултай болохыг баталж байна.
Мэргэжилтнүүд АНУ-ын Дайчдын асуудал эрхэлсэн яамны хөтөлсөн, хоёрдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 17-ныг хүртэл COVID-19-ээр эмнэлэгт хэвтсэн 3600 гаруй өвчтөний талаарх мэдээллийг судалж үзжээ. Шинжээчид түүнчлэн сүүлийн 2 жилийн хугацаанд томуу туссан 12,6 мянга гаруй хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн аж.
Өвчтөнүүдийн дундаж нас 69 байв. Тэгтэл коронавирусийн халдвар авсан хүмүүсийн дунд нас баралт 18,5% байсан бол томуугаар өвчлөгсдийн дунд 5,3%-тай байжээ. Түүнчлэн эхний халдварт өртсөн хүмүүс хоёр дахийг бодвол нас барах эрсдэл бараг 5 дахин их байна.
Ялангуяа коронавирус 75-аас дээш насныхан, түүнчлэн бөөрний өвчтэй, зөнөглөсөн, чихрийн шижинтэй буюу таргалалттай хүмүүст илүү их эрсдэл учруулж байна. Үүний зэрэгцээ хар арьстнууд илүү ихээр өөд болж байгаа нь тогтоогджээ.
Түүнчлэн эрдэмтэд COVID-19-тэй өвчтөнүүд томуугаар халдварласан хүмүүсийг бодвол амьсгалын аппаратад орох нь 4 дахин их байсан гэнэ. Үүнээс гадна эрчимт эмчилгээнд хэвтэх нь 2,5 дахин их, эмнэлэгт хэвтэх хоног нь 3 өдрөөс илүү байв.
Францын Үндэсний эрүүл мэнд, анагаахын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд, мөн Дижон ба Инсермын их сургуулийн эмнэлгийн мэргэжилтнүүд ч энэ мэдээллийг баталж байна. Тэд COVID-19-ийн улмаас нас барах эрсдэл томуугийн статистикийг 3 дахин давдаг бол эмнэлэгт хэвтэх нь 2 дахин өндөр байдаг гэжээ.
Үүнээс гадна коронавирус чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, бөөрөнд нөлөөлж, цусанд халдвар тархах эрсдэл үүсгэдэг. Зарим өвчтөнүүдэд даралт нь унаж, эд эрхтнүүд нь гэмтэж эрсдэл гардаг байна.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта