Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат нар “Монголын тариаланчдын үндэсний холбоо”/МТҮХ/-ны төлөөлөлтэй уулзлаа.
МТҮХ-ноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр салбарын сайдад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ уламжилж, бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
Салбарын сайдын зүгээс тариаланчдад тулгарч байгаа гол асуудлуудад анхаарахын зэрэгцээ улаан буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулахыг онцлон тэмдэглэлээ. Биржээр дамжуулж улаан буудайн арилжаа явагдсанаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн чанарын шаардлага хангасан улаан буудай авахын тулд “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн агуулахыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж, энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал болохыг мөн онцоллоо.
Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсөндөө үржил шим өгөх, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн төв байгуулах төслийн ажлыг хурдасгах, Монгол банк болон Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээс тариаланчиддаа олгоход анхаарч бодлогоор дэмжин, цаашид “Монголын тариаланчдын үндэсний холбоо”-той нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж : ХХААХҮЯ