ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн коронавирусийн эсрэг “Sputnik-V” вакциныг 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодгийг харуулсан туршилтын тайланг өчигдөр The Lancet олон улсын анагаах ухааны сэтгүүл нийтэлжээ.
Спутник V нь гуравдугаар шатны туршилтын үр дүнгээ олон улсын тэргүүлэх зэрэглэлийн анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн дөрөв дэх вакцин болж байна. Өмнө нь Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca компаниуд туршилтын үр дүнгээ нийтлүүлж байжээ.
Спутник V Вакциныг ердийн температур буюу цельсийн -2-8 хэмд тээвэрлэж, хадгалах ажээ. Үнийн хувьд нэг тун нь 10 ам.доллар буюу нэг хүнд шаардлагатай хоёр тун нийлээд 20 ам.доллараар худалдаалагдах аж.
Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр клиник туршилтын сүүлийн буюу гуравдугаар үе шатны судалгааны төвшинд хүрсэн 13 вакцин байгаагаас дэлхий дахинд гуравдугаар шатны туршилтыг хийсэн 6 вакцин байна. Үүнээс гуравдугаар шатны үр дүнгээ танилцуулж буй дөрвөн вакцин байгаа юм.
Одоогоор Pfizer-ийн вакцин хамгийн өндөр буюу 95 хувийн үр дүнтэй нь батлагдаад байгаа. Moderna, Спутник V вакцинуудын үр дүн ойролцоо байгаа бол AstraZeneca компанийн вакцин дунджаар 70 хувийн үр дүнтэй байна.
Л.Баяр