ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов манай улсад айлчилж байна. В.Н.Дрожжов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг хүлээн авч уулзан хоёр улсын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд хурандаа Х.Батбилэг ‘Манай сайхан оронд тавтай морилно уу. ОХУ-аас манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхэд олон удаа буцалтгүй тусалж ирсэнд бид баяртай байдаг.
Тусламж үзүүлэх анхны хэлэлцээр байгуулахаас эхлээд түүний хүчинтэй хугацааг удаа дараа сунгах, зэвсэглэл техник нийлүүлэхэд ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, түүний удирдлага Та бүхэн ихээхэн анхаарч чухал үүрэг гүйцэтгэж байгаад Монгол Улсын БХЯ-ны өмнөөс талархал илэрхийлье.
Энэ удаа ч Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээж, тусламжийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх боломж бүрдсэнд манай салбарынхан баяртай байна’ хэмээгээд ОХУ-аас тусламжаар ирүүлсэн зэвсэглэл, техникийг үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж байгааг нэмж тодотгов. Мөн цаашдаа Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэл, техникийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв.
Уулзалтын дараа талууд ‘Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол’-д гарын үсэг зурсан юм. ОХУ-аас өмнө нь нийлүүлсэн зэвсэг, техникийн иж бүрдлийг гүйцээх, ашиглалтыг хангах, цэргийн сургалт дадлагад шаардлагатай хэрэгслийг нийлүүлэх, одоо ашиглаж байгаа хуучин зэвсэг техникийг шинэчлэн сайжруулахад энэхүү гэрээ чухал ач холбогдолтой ажээ.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ