Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн ээлжит мэдээллээр нийтдээ 35 хүнээс коронавирус илэрсэн гэж мэдээлсэн. Тэгвэл өглөөний мэдээллээс хойш нэмж 31 иргэнээс халдвар илэрсэн нь батлагдлаа.
Тодруулбал “Toyoko Inn” зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн ажээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр өдрийн 13.00 цагаас эхлэн ХӨСҮТ рүү зөөвөрлөж байгаа аж.
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Халдвар батлагдсан тул ХӨСҮТ иргэдийг татан авч байна. Хэчнээн иргэнийг шилжүүлж байгаа талаар тодорхой мэдээлэл алга” гэж IKON.MN мэдээллийн сайтад тайлбар өгчээ.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1000 гаруй, хоёрдогч хавьтал 6000 гаруй иргэн байгаа билээ.
Л.Баяр