“Монгол газар корпорейшн” ХХК-нийн захирал ажилтай шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилжээ.
Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн “хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх” тухай хүсэлт ирүүлсэн ажээ. Мөн гэрч Б.Цогбат хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүйгээс шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
Хэргийг эргэн сануулахад:
Ц.Мянганбаяр, Х.Даржаа нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллах гэрээгээр халхавчлан нэр бүхий иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдсон.
Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлох зөвшөөрөл бүхий 13 тусгай зөвшөөрөл дангаараа Ц.Мянганбаярын нэр дээр байсныг 2019 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар цуцалсан байдаг. “Монгол газар корпорейшн” ХХК компанийн эзэмшиж байсан нийт 13 тусгай зөвшөөрлөөс зөвхөн дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байна. Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь ийнхүү Засгийн газар цуцалсан юм.
Л.Баяр