Монгол Улс энэ долоо хоногт Энэтхэг Улсаас вакцин хүлээн авах тухай мэдээлийг Itoim.мн сайт The Times of India, The Print сонины эх сурвалжтайгаар орчуулан хүргэлээ. 

ITOIM.MN сайтад мэдээлснээр:

Энэтхэг улс энэ сарын 3-ны өдөр Их Британийн “AstraZeneca” болон тус улсын “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield”, Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл ба “Bharat Biotech” компаниудын хамтран боловсруулсан “Covaxin” гэх “COVID-19”-ийн эсрэг хоёр өөр вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон.

Үүний дараа тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврикий, Афганистан, Бутан, Непал, Сейшелийн арлууд болон Бангладеш зэрэг хөрш орнууддаа үнэ төлбөргүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн.

Тэгвэл Энэтхэгийн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Оман улсад 100 мянган тун вакцин нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Монгол, Афганистан тэргүүтэй таван улсад вакцины эхний ээлжийн тунг нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Covishield” вакцин нь Оксфордын их сургууль болон “AstraZeneca”-гийн хамтран боловсруулсан “AZD-1222” вакцины Энэтхэгт үйлдвэрлэгдсэн хувилбар бөгөөд “SARS-CoV-2” вирусийн эсрэг 70 хувийн үр дүнд хүрсэн. Рекомбинант уг вакцины нэг бүтэн тун тус бүр 0.5мл савлагаатай бөгөөд хоёр тунг 4-6 долоо хоногийн зайтай гарын булчинд тарих юм. Вакцины эхний тунг тариулснаас хойш 2-14 хоногт халуурах, жихүүцэс төрөх, бага зэрэг ханиалгах, амьсгал давчдах, сульдах, булчин хөндүүрлэх, нус гоожих, бөөлжих, гүйлгэх зэрэг хөнгөн шинж тэмдэг илрэх боломжтой. Вакцинд 18-аас дээш насны иргэдэд хамрагдах боломжтой бөгөөд харшилтай, халуурч байгаа, ил шархтай буюу цус алдалттай, дархлаа султай, эсвэл дархлааны системд нөлөө үзүүлдэг эм ууж байгаа, жирэмсэн, хөхүүл, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд болон “COVID-19”-ийн эсрэг өөр вакцин тариулсан хүнд хориглох заалттай.

 

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн