Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрдүүлсэн Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулж, УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номингоос ажлаа юунаас эхлэх гэж байгааг асуулаа.
Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номин: Энэ салбар ковидод нэрвэгдээд маш их асуудалтай байгаа гэж ойлгож байгаа. Манай Засгийн газрын бодлого хөтөлбөрт өөрийн тань хэлсэнчлэн музей, номын сан байгуулах зэрэг олон ажил тусгагдсан. Би өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэн авч явна гэж бодож байгаа. Засгийн газрын бодлого тогтвортой байх ёстой.
Мөн урлагийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал энэ үед хүнд байна. Тиймээс энэ асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана.
Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номингийн хариулттай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр “Ч.Номинг ард түмнийг соён гэгээрүүлэх хүрээнд телевизийн контент, төслүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцож ирсэн уран бүтээлч хүн гэж ойлгож байна” гэв.
Л.Баяр