БНН-ын дарга Б.Жаргалсайханы эмэгтэйчүүдийг үгүйсгэсэн яриа олон нийтийг гайхшруулаад байна. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрам цахим хуудаснаа өөрийнхөө байр суурийг ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр “Өчигдөр сэтгэл өвтгөм муухай ярианы бичлэг сонслоо. Хань маань ч ээжийн хүү, охиныхоо эцгийн хувьд тэр яриаг сонсоод ой нь гутсан.
Эмэгтэй хүн бол хүүхэд төрүүлэх хэрэгсэл бишээ. Болиод удаж байна! Охин үртэй хүн ийм юм ярьж тэр нь олон нийтэд цацагдаж байгаад үнэхээр харамсаж байна. Дэлхийн болон Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг их шүү. Түүхээ уншаасай, бас сэтгэлзүйн туслалцаа аваасай.
УИХ дахь эмэгтэй гишүүд маш идэвхитэй ажиллаж нийгмийн бүхий л асуудал дээр байр сууриа илэрхийлж эрчүүдтэйгээ энэ тэнцүү оролцоотой байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт П.Анужин, Б.Жаргалмаа гишүүд маань оролцож эмэгтэйчүүд, эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх эрх, нөхцөлийг сайжруулах тал дээр маш амжилттай ажилласан. Энэ бол тэдний хөдөлмөрийн нэг л жишээ. Эрүүл мэнд, боловсрол, соёл, аж үйлдвэр, хүний эрх гээд олон чиглэлд бүгд байнгын хороо, ажлын хэсэгтээ орж санаа бодлоо уралдуулан ажиллаж байгаа. Үүнийг харж, судлаагүй байж хөдөлмөрийг нь үгүйсгэж болохгүй.
Цэцэрлэг, сургууль, дотуур байрны гадаа нойлын асуудал бол чухал юм аа. Балчир хүүхдүүд гадаа нойлоос гэдэсний суулгац өвчин, гепатит вирус зэрэг насан туршийн өвчин авч зарим нь амиа алдаж байна. Гадаа жорлонд унаж бэртэж байна. Ханиад томуу бол наад захын асуудал. Өөрөө төрд байхдаа улс орон даяар 100,000 гаруй хүүхдүүд ийм эрсдэлтэй байхад шийдээгүй шүү дээ. Үүнийг тэр ад үзээд байгаа эмэгтэй гишүүд нэгдэж шийдүүлсэн юм. Энэ бол бодит амьдал.
Эцэст нь хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл, эх хүүхдийн асуудлыг яагаад зөвхөн эмэгтэйчүүд ярих ёстой юм бэ? Уул уурхай, бизнес, банк гэхээр эрчүүд л ярих ёстой юм уу? Бид үндсэн хуулиараа тэгш эрхтэй. Эрчүүд ч гэр бүлийн хүчирхийлэл, эх хүүхдийн асуудал ярьж, хөөцөлдөж шийдэх ёстой. Түүхэн бүх үед эрчүүд л засаглаж байсан, одоо бухимдаад байгаа нийгмийг бүтээхэд эрчүүд л олонх байсан шүү!” хэмээв.
Н.Батаа