Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд багш нарын “Мэргэжлийн бүлэг”-ийг үүсгэн, цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү мэргэжлийн бүлгийн зорилго нь сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд багшид II улиралд тулгамдах асуудлыг тодорхойлох, тухайн улиралд үзэх агуулгыг нарийвчлан тодорхойлж хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.
Мөн сурагчдын мэдлэг, чадварын ялгаатай байдал болон агуулгын хоцрогдол арилгах, хүүхэд бүртэй ажиллах хувилбарыг дэвшүүлэх, холбогдох бэлтгэл хангах, мэргэжлийн бусад багштай хамтран ажиллах, арга туршлагаа харилцан солилцоход чиглэнэ.
Мэргэжлийн бүлэг нь сургалтын хөтөлбөрийн агуулгын хоцрогдлыг арилгах зорилгоор судлагдахуунуудыг ангилж хариуцсан судлагдахуун бүрийн онцлогт тохируулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.
Мөн аймаг, нийслэлийн боловсролын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн бүр орон нутгийн түвшинд сургууль бүрийн мэргэжлийн багш нарын бүлгийг цахим орчинд үүсгэн II улирлын хичээл эхлэхийн өмнө багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана.
Мэргэжлийн бүлгийн зохион байгуулалтад шилжсэнээр багш мэргэжлийн бусад багш нартайгаа хамтран ажиллах, багшлахуйд тулгамдаж байгаа асуудлаа хамтран шийдвэрлэх, харилцан бие биеэ хөгжүүлэх, мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг олгох юм.
Боловсрол, шинжлэх ухааны яам