УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Газрын тосны үйлдвэрт хэрэглэгдэх бүтээгдэхүүний үнээс шатахууны үнэ хамаарна. Газрын тосны үйлдвэр түшиц газартай болох уу? Хаана байхаар төлөвлөж байна вэ?
Уг үйлдвэр байгуулагдсанаар аюултай хог хаягдал гарна. Энэхүү хог хаягдлыг яаж хадгалахаар төлөвлөж байна вэ? Манай улсад аюултай хог хаягдал хадгалах газар байхгүй.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Түлш шатахуун гэдэг бол ямар ч улсын стратегийн гол асуудал байдаг. 30 жил нефтийн үйлдвэртэй болох асуудлыг ярьж ирсэн. Нефт боловсруулах үйлдвэрийн дагалдах дэд бүтцийн асуудал хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Үүнд 550 айлын орон сууц, төмөр зам авто замыг нэрлэж болно.
Одоо хоолой татах, техник төхөөрөмжөө оруулж ирэх гээд ажил эхлэх гэж байна. Газрын тосны үйлдвэрийн хоолойг олон аймгийн нутгаар дамжиж татна. Аймгуудын Засаг дарга нарт хоолой татахтай холбоотой хариуцлагын асуудлыг хуульд оруулж өгсөн үү?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн зургаадугаар бүлэг дээр энэ асуудлыг тодорхой оруулж өгсөн. Газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдийн тогтвортой нөөцтэй байх зорилгоор газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулж болно гэдэг асуудлыг тусгаж өгсөн.
Хайгуулын ашиглалтын талбайг Засгийн газраас тодорхой хугацаанд давуу эрхээр олгох, энэ хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газар өөрсдөө эрэл хайгуулын ажил эхлүүлнэ.
Хуулийн төсөлд байгууллага удирдлагуудын үүрэг хариуцлагын асуудлыг оруулж өгсөн. Ажлын хэсэгт говийн аймгуудаас сонгогдсон гишүүд ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Газрын тосны үйлдвэрийн эдийн засагтай холбоотой олон эргэлзээтэй асуудал байна. Манайхан санхүүгийн механизм дээр алддаг. Оюутолгой дээр ч гэсэн 34 хувийг авсан гэсэн санхүүгийн маргаан явж байгаа. Зөвхөн нэг жилийн дотор санхүүгийн тооцоолол 60 хувиар зөрсөн байна.
1.2 тэрбум долларыг 1.75 хувиар 2025 оноос үндсэн зээлээ төлж эхлэх юм байна. Үлдэх санхүүжилтээ хаанаас авч байгаа вэ? Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг 10 жил гэж байна. Энэ хугацаан дахь долларын ханшийг яаж тооцсон бэ? Нефтийн үнийг яаж таамаглаж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Газрын тос боловсруулах үйлдвэр нэг тэрбум 236 сая ам.доллараар баригдаж байгаа. Зээлийн хүү нь 1.75, зээлийн хугацаа нь 25 жил. Санхүүжилт хийгдсэн өдрөөс хойш долоон жилийн дараа зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ.
Ямар ч тохиолдолд газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортын бензинээс хямд байна. Манай улс жилд 1.2-1.5 тэрбум ам.долларын импортын түлш хэрэглэдэг. Үүний дийлэнхийг нь ОХУ-аас авдаг. Гэтэл нэг жилийн импортын бензиний үнэд тэнцэх хэмжээний дүнгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа гэдгийг төсөөлж үзээрэй.
Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой үйлдвэр юм. Түүхий түлшний бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах үүднээс өөрсдийн гэсэн орд газартай болох асуудлыг хуульд тусгасан.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Долларын төгрөгтэй харьцах ханш, нефтийн үнийг яг тэд байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ мөнгөн урсгалыг бууруулах тооцооллыг 10 хувиар оруулсан. Нефтийн үнийн хувьд 2012 онд нэг баррель нефт 149-40 хүртэл хэлбэлзэж байсан.
Улстөр, геополитикийн асуудал байдаг учраас нефтийн үнийг урьдчилан таахад хэцүү. Ийм учраас цаашид гадаадын зах зээл дээр газрын тосны үнэ яаж хэлбэлзэх бол гэдэг айдсаас болгоомжлохын тулд хуульд заалт оруулсан. Үйлдвэр эх орныхоо дотоодын түүхий эдийг ашигласан тооцоолол гаргавал өөр үр дүн гарна. Бүх зардлын 80-95 хувь нь газрын тосны өөрийнх нь үнэ байдаг. Үйл ажиллагааны зардал бага үйлдвэр.
Н.Батаа