Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед Коронавируст “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд өнөөдөр /2021.01.27/ хуралдсан аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамжаар улсын чанартай төв зам дагуу байрлах хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг энэ сарын 28-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.
Үүнтэй холбогдуулан тус аймгаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг Арвайхээрээр түр зогсолт хийлгэхгүйгээр тусгай зориулалт бүхий автомашинаар 24 цагийн турш зүүнээс баруун чиглэлд буюу баруун гуанзны хяналтын цэг хүртэл дамжин өнгөрүүлж эхэллээ.
Учир нь Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж явсан автобусны жолооч Өлзийт сумын “Бор хошуу” гэх газраас шатахуун авсан, мөн зорчигч нарыг хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн байдал нь цар тахлын өвчлөл тархах өндөр эрсдэлийг харуулж байгаа юм.
Иймд орон нутгийн замд зорчих зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн жолооч нар зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт түр зогсолт хийхгүй байх, мөн зорчигчдыг зориулалтын нийтийн бие засах газраар үйлчлүүлэх, мөн зориулалтын хогын цэгт хогийг хаях, халдвар, хамгааллын зөвлөгөө, зөвлөмж, дэглэмийг сайтар сахиулж, хууль хүчний байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.
Хариуцлагатай иргэн Халдвараас сэргийлнэ.
Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар