НӨАТ-ын 2020 оны сүүлийн буюу дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Иргэд 2020 оны дөрөвдүгээр улирал буюу аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt-д бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломж бүрдэж байгаа билээ.
Буцаан олголтыг шилжүүлсэн эсэхийг Ebarimt аппликейшнийхаа дээд талд байрлах “Буцаан олголт” хэсэгт даран шалгах боломжтой.
Өмнөх улирлын буцаан олголтыг дараа улирлын эхний сард багтаан иргэдийн бүртгэлтэй данс руу шилжүүлэх хуультай. НӨАТ-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгож буй билээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869000 иргэнд 35.8 тэрбум, хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901615 иргэнд, гуравдугаар улиралд 993469 иргэнд 43.4 тэрбум төгрөг тус тус олгожээ.
Л.Баяр