УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг  хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Төмөр замын бүтээн байгуулалт, цахилгаан станцууд, нефтийн үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү? Өчигдөр Х.Нямбаатар Дубайн гэрээг цуцлах асуудлаар мэдээлэл хийсэн. Цаашид энэ талаар ямар байр суурь баримтлах вэ? Монголчууд эвээ хичээх түүхэн сонголтын өмнө ирээд байна.

Байгалийн баялаг ард түмний талд байх уу, харийнхны талд байх уу гэдэг хариуцлагатай үед Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ толгойлох үүрэг хүлээж байна. Миний хувьд Оюутолгойн гэрээг цуцалж, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн гэрээ хэлэлцээр бий болгохын төлөө ажиллана.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замыг үргэлжлүүлнэ. Миний хувьд өмнөх Засгийн газарт хоёр удаа ХЭГ-ын даргаар ажилласан. Тиймээс бодлого У.Хүрэлсүх Ерөнхий сайдын бодлогын залгамж чанартай нийцэж явна. Тавантолгой-Гашуусухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж дуусгах шаардлагатай. Ингэж чадвал Монгол Улс тээврийн зардлаас 600-900 орчим сая ам.долларыг хэмнэж, экспортын хэмжээ 30 орчим хувиар нэмэгдэнэ.

Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Энэ үйлдвэрийг барьж чадвал урагшаа урсаж байгаа нэг тэрбум орчим ам.долларыг дотооддоо хадгалж үлдэнэ гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг шийднэ.

Эрчим хүчний хувьд Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлыг дуусгахын төлөө ажиллана. Эрчим хүчний хэрэглээний 25 хувийг гадаадаас авч байгаа. Оюутолгойн хэлэлцээр хүнд нөхцөлд үргэлжилж байгаа.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд Дубайн гэрээг өөрчлөх тухай хатуу үүрэг өгсөн. Үр дүн гараад ирэхэд улстөржилт нэмэгдсэн гэдгийг нуухгүй. Хөрөнгө оруулагч талд энэ гэрээг цуцлахтай холбоотой санал тавьсан.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн