Залилан мэхлэх гэмт явдлын хүрээнд хамгийн бага судлагдсан хэсэг нь залилан мэхлэгчдийн сэтгэл зүйн онцлог шинж чанартай холбоотой судалгаанууд байдаг. Бүх хүмүүс их бага хэмжээгээр хууран мэхлэх сэдэлтэй байдаг учир үүнийг тодорхойлох боломжгүй гэж зарим судлаачид үздэг.
Гэхдээ энэ чиглэлийг гүнзгийрүүлэн судлах сонирхолтой зарим судлаачид залилан мэхлэгчдийн сэтгэл зүйн онцлог шинжийг ямар нэг байдлаар тодорхойлох оролдлого хийсээр буй.
Канадын шүүхийн ажилтан Родди Аллан нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг дараах дөрвөн төрөлд хуваасан:
1. Зусарч
2. Тулган хүлээлгэгч
3. Айдсаар нь тоглогч
4. Хумслагч
Алланы үзсэнээр “Зусарч” залилагчид бусдыг хөөргөж, цаасан малгай өмсгөх замаар өөрөөр нь шийдвэр гаргуулж залилагсад юм. Харин “Тулган хүлээлгэгч” шинжтэй залилагчид нь айдас төрүүлдэг, дүрмийг дагаж мөрддөггүй, шүүмжлэл хүлээж авдаггүй хүмүүс. “Айдсаар нь тоглогч” залилагчид бусдад хий хоосон санаа зовних асуудал үүсгэж, түүнээсээ өөр зүйл бодох боломж олгодоггүй. Хамгийн сүүлд тодорхойлсон “Хумслагч” хэв маягийн залилагчид нь хэнд ч анзаарагдахгүй чимээгүйхэн, бага багаар бусдын хөрөнгийг завшигчид. Ихэвчлэн байгууллагын үлгэр жишээ албан хаагч нар байх нь элбэг хэмээн тодорхойлсон байна. (Allan, 2003)
Алланы онцолсон дөрвөн хэв шинжээс гадна залилан мэхлэхтэй холбоотой өөр хэд хэдэн хэв шинжүүд байдаг. Жишээлбэл, бизнес эрхэлдэг залилан мэхлэгчдийн хувьд ихэвчлэн өөрсдийнх нь удирдлагад амархан орох хүмүүсээр хүрээлүүлэхийг хичээдэг. (Duffield & Grabosky, The psychology of fraud, 2001)
Өөр нэгэн судалгаагаар залилан мэхлэх, бусдыг хянах хүсэл эрмэлзэл, өрсөлдөх чадвар, сахилга батгүй байдал, бусдад үл итгэх байдал, санал зөрөлдөөн, түрэмгий байдал, сэтгэцийн өвчин зэргийн хооронд уялдаа холбоо байгааг харуулсан. (Smith, 2010)
Гэхдээ эдгээр шинж чанар нь залилагч бие хүний сэтгэл зүйн шинж чанарыг тодорхойлох үнэмлэхүй үзүүлэлт биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Бодит байдал дээр бие хүний тодорхой шинж чанарууд нь тухайн хүнийг залилан мэхлэх үйлдэл хийх магадлал өндөртэй, эсвэл эсрэгээрээ гэмт хэрэг огт хийхгүй хүн байна гэдгийг батлах нотолгоо болохгүй. Энэ чиглэлээр хийсэн судалгаанууд нь залилан мэхлэгч хүмүүсийн дунд нийтлэг шинж чанарууд байдаг гэдгийг л харуулсан. 2000-аад оны эхэн үеийн байдлаар зан үйл судалдаг эрдэмтэд залилах гэмт хэрэг хийх магадлал өндөр байгаа хүнийг баттай нотлох шинж чанарыг тодорхойлж чадаагүй байсан. (Duffield & Grabosky, The psychology of fraud, 2001) Илүү найдвартай тодорхойлолт бий болгохын тулд хангалттай нотлох баримт цуглуулж, энэ чиглэлийг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа юм.
Хэрвээ та дээрх мэдээллийн эш татсан он саруудыг харсан бол 2000 оны эхэн үед хамаарагдаж буй. Харин одоо эдгээрээс 10-аад жилийн дараа буюу 2013 болон 2015 хийгдсэн судалгаануудаас танд товчхон хүргэе.
KPMG хэмээх байгууллагаас залилан мэхлэх гэмт хэргийг тусгайлан судалж, уг хэрэгт холбогдох судалгааны тайлангуудаа “Global profiles of the fraudster” хэмээх сэтгүүлд хэвлэн нийтэлдэг билээ. Уг сэтгүүлийн 2013 оны дугаар залилан мэхлэгчид нь будсыг маш их хүндэлж, нөхөрсөг харьцдаг бөгөөд залилан мэхлэх бие хүний зарим шинжүүдийг тодруулах судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 35% нь маш нөхөрсөг болоод экстраверт буюу гадагшаа чиглэсэн харилцааны онцлогийг агуулсан шинж чанар бүхий хүмүүс байжээ. (KPMG, 2013)
Үүний дараагаар 2015 онд 81 орны 750 залилан мэхлэгчдийн дунд судалгаа явуулж, дүн шинжилгээ хийсэн. 2013 оны судалгаатай нь харьцуулахад энэхүү судалгаанд залилан мэхэлж буй хүмүүсийн төрөл, залилан мэхлэх үйл ажиллагааны хэлбэр, залилан мэхлэх гэмт хэргийг илрүүлэх арга хэлбэрийн талаар илүү ихийг мэдэхийн тулд шинэ асуултууд нэмж оруулсан байна. Судалгааны сонирхолтой хэсгээс дурдахад, байгууллагын дотоод хяналт сул байх нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэхэд томоохон хувь нэмэр оруулдаг хүчин зүйл бөгөөд 2013 онд уг хүчин зүйлийн нөлөө 54 хувь байсан бол 2015 оны судалгаагаар 61 хувь болон өссөн байдалтай байжээ.
Уг судалгааны тайлангуудаас залилан мэхлэгчдийн нийтлэг дүр зургийг гаргавал:
– 36-55 насны хооронд (залилан мэхлэгчдийн 69 хувь нь шалгагдсан)
– Ихэвчлэн эрэгтэйчүүд (79 хувь), эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17 хувь болтлоо өссөн (2010 онд 13 хувьтай байсан)
– Дотоод аюулгүй байдалд халдсан (65 хувь нь байгууллагын ажилтан)
– Гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг (35 хувь)
– Дор хаяж зургаан жил байгууллагадаа ажилласан (38 хувь)
– Бусдын хүсэлт, санал бодлыг харгалзан үздэггүй (18 хувь) гэж тодорхойлогдсон бөгөөд бусдаас гурав дахин илүү нөхөрсөг бус гэж тооцогдох магадлалтай
– Өөрийн үнэлэмж өндөртэй, өөрийгөө байгууллагынхаа нэр хүндтэй хүн гэж үздэг
– Бусадтай хэл ам, учир зүйгээ амархан ололцдог (залилан мэхлэгдчийн 62 хувь, 2013 оны судалгаагаар 70 хувь байсан бөгөөд түүнээс ялимгүй буурсан)
– Хувийн ашиг сонирхол (60 хувь), шунахайн сэдэл (36 хувь), “би чадна” гэсэн мэдрэмж (27 хувь) дээр суурилсан.
Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо