ЮНЕСКО нь Торгоны зам хөтөлбөр болон Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийнхөө хүрээнд Торгоны замын баялаг түүх, өв уламжлалыг илүү сайн танин мэдэхийн тулд ЮНЕСКО-ийн Хятадын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр “Залуу судлаачдад зориулсан Торгоны замын судалгааны тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Энэхүү тэтгэлэгт 35-аас доош насны залуу судлаачид хамрагдах боломжтой.
Тэтгэлэг горилогчид нь орчин үеийн нийгэмд эв нэгдэл, бүтээлч байдал, соёл хоорондын яриа хэлэлцээр, бүс нутгийн ба олон улсын хамтын ажиллагаа болон энх тайван, тогтвортой хөгжлийг бий болгоход Торгоны замын оруулах хувь нэмэр бөгөөд Торгоны зам дагуух улс орон, соёл иргэншлийн нийтлэг өв уламжлал, ижилсэл ондоошил, олон төрөл зүйлтэй холбоотой асуудлуудыг судлах судалгааны ажлын санал боловсруулан ирүүлэх шаардлагатай.
Судалгааны ажил нь аливаа нэг бүс нутаг эсвэл он цагаар хязгаарлагдаагүй олон талт, олон хэмжээст шинжтэй байх ёстой бөгөөд Торгоны замтай холбоотой дараах сэдвүүдийн нэг эсвэл хэд хэдийг хамарсан байж болно.
Үүнд:
• Шинжлэх ухаан, технологи
• Уламжлалт ноу-хау, ур хийц
• Шашин, сүнслэг байдал
• Хэл, уран зохиол
• Урлаг, дуу хөгжим
• Уламжлалт спорт, тоглоом наадгай зэрэг орох боловч эдгээрээр хязгаарлагдахгүй.
Түүнчлэн судалгааны ажил нь соёлын харилцан үйлчлэл, солилцооны үр дүнд төвлөрсөн байх бөгөөд сонгосон сэдвийн хүрээнд хоёр ба түүнээс дээш соёл иргэншилд олж харж болохуйц биет ба биет бус элементүүдийг тодорхойлсон байна.
Тэтгэлэг горилогчдын илгээсэн судалгааны саналыг Торгоны замтай холбогдох салбаруудад ажилладаг дэлхийд нэр хүндтэй олон улсын шинжээч, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүн бүхий шүүгчдийн баг хянах бөгөөд нийт 12 залуу судлаачийг сонгон шалгаруулж тус бүр 10,000 ам.долларын тэтгэлэг олгоно.
Сонгон шалгаруулалтад оролцохын тулд өргөдлийн маягтыг ЮНЕСКО-ийн цахим хуудаснаас татан авч англи хэл дээр бөглөх шаардлагатай ба 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор silkroadsgrant@unesco.org цахим шуудангийн хаягаар илгээх шаардлагатай.
ЮНЕСКО-ийн Залуу судлаачдад зориулсан Торгоны замын судалгааны тэтгэлэг болон уг тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар дараах холбоосоор нэвтэрч дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.