Ээжтэйгээ ойр байдаг хөвгүүд тайван тогтвортой, аз жаргалтай хүмүүс болж өсдөг бөгөөд бидний нийгэмд тийм хүмүүс маш хэрэгтэй. Харин одоо сэтгэл судлаачид үүнийг хэрхэн судалж нотолсон байдгийг сонирхуулъя.
1. Сурлагын чанар сайжирдаг
Судлаачид “хүмүүжил” нь хүүхдийн тархины хөгжилд хэрхэн шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ялангуяа тархины суралцах, санах ой, стрессийн хариу үйлдэл хариуцдаг хэсэгт ямар нөлөөтэйг мэдэхээр оролдсон байна.
Хүүхдээ сургуульд орсон эхний өдрөөс л санаа зовниж буй ээж хүүгийнхээ ирээдүйд үзүүлэх амжилтад аль хэдийн нөлөөлж эхэлжээ гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс хүүгийнхээ хичээлд хэр их анхаарал тавина тэр хэрээр хүүгийн сурлагын түвшин нэмэгдэнэ гэсэн үг.
2. Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг
Ээжийн дэмжлэг бол хамгийн хүчирхэг зүйл юм. Амьдралд бидэнд хувийн хөгжөөн дэмжигч хэрэгтэй бөгөөд ээж нь хүүгийнхээ ноймор нэг фен нь болж өгснөөр тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг байна.
Хэрвээ хүү нь ээжийнхээ хажууд байхдаа аюулгүй байдлыг мэдэрч байвал ирээдүйд олон зүйлд яг тийм тайван ханддаг болж хүмүүжих болно. Мөн ээжийн дэмжлэгийг сайн авдаг хүү төрөл бүрийн шинэ зүйл туршихаасаа айдаггүй.
3. Нийгмийн идэвхийг сайжруулдаг
Нэгэн судалгаагаар ээжтэйгээ их цаг өнгөрөөдөг хүүхдүүдийн нийгмийн идэвх 20-40% илүү сайн байдаг нь тогтоогджээ. Үүний шалтгаан нь ээжтэйгээ хамтдаа ямар нэг зүйл тогтмол хийдэг байсан хүүхдийн танин мэдэхүй илүү хүчтэй хөгжсөн байдагтай холбоотой гэнэ.
Хөвгүүд ээжтэйгээ харилцах харилцаанаасаа цаашид нийгэмд ямар харилцаа хандлагатай болох гол сууриа босгодог байна. Нэмж хэлэхэд, хүүхэд эцэг эхтэйгээ ойрхон байж тэдэнтэй илэн далангүй харьцахынхаа хэрээр нийгэмд хэрэгтэй иргэн болж хүмүүжиж байдаг.
4. Эрэгтэй хүний төрөлхийн сүйтгэгч араншинг бууруулдаг
Хэд хэдэн судалгаагаар ээжүүд охидоосоо илүү хүүгийнхээ сэтгэл хөдлөлд маш мэдрэг ханддаг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь сэтгэл судлалын үүднээс хэд хэдэн нөлөө үзүүлдэг байна.
Тиймээс л ээж нь хүүгээ сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд нь түүнд нь өндөр ач холбогдол өгч байгаагаа харуулах ёстой. Түүнд эр хүн уйлах нь тийм ч муу зүйл биш төдийгүй шаардлагатай үед тайвшрал өгдөг гэдгийг тайлбарлаж өгөх ёстой.
Үр дүнд нь хүү сэтгэлийн төрөл бүрийн хөдөлгөөнөө зөв илэрхийлдэг, үнэнч, сэтгэл хөдлөлтэй нэгэн болж хүмүүждэг байна. Мөн аль ч хүйсийн хүнтэй хүнлэг хандаж сурдаг.
5. Сэтгэл хөдлөлөө хянах чадамжийг нэмэгдүүлдэг
Эр хүн ийм, тийм байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтууд эрчүүдийг эрүүлээр сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэх боломжгүй болгодог бөгөөд ээжийн хайр халамжийг мэдэрсэн хөвгүүдийн хувьд энэ тал дээр бэрхшээл үүсэх нь бага байдаг байна.
Тэд хүмүүсийн хоорондын зөрчлийг хэрхэн шийдвэрлэх болон хүмүүстэй хэрхэн харилцаа холбоо тогтоохоо мэддэг болсон байдаг. Ийм чадвар амьдралын алхам тутамд хэрэгтэй.
6. Бие даах чадвар суудаг.
Өсөж том болно гэдэг маш төвөгтэй үйл явц. Олон хүүхдүүд үүрээ орхин, бие даасан байдлыг эрэлхийлэхээс айдаг. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн дэмжлэг сайтай хүүхдүүд бие дааж амьдралд хөл тавихдаа илүү зоригтой байдаг байна.
Учир нь тэд юу ч тохиолдсон ард нь гэр бүл нь байгаа гэдгийг мэддэг. Хамгийн чухал нь ээж нь хүүтэйгээ ойр байдаг бол хүүгээ хангалттай сайн эр хүн болж байгаа гэдэгт санаа зовох шаардлагагүй болдог байна.
7. Эмэгтэй хүнийг хүндэтгэдэг эр хүнийг бий болгодог
Ээжийгээ хайрлаж, халамжилдаг эр бусад эмэгтэйчүүдэд муу хандана гэж төсөөлөхийн аргагүй. Ээжтэйгээ ойр байснаар эрэгтэй хүүхэд эсрэг хүйсний хүнтэй хэрхэн харилцах болон эмэгтэй хүний сэтгэл зүйн талаар мэддэг болдог.
Хэрэв та эмэгтэйчүүдийг анхааралтай ажиглаж, тэдний хэрэгцээг хүндэтгэдэг эрчүүдтэй танилцсан бол тэд ээжтэйгээ маш сайн харилцаатай байдаг гэдэгт итгэж болно.
8. Сэтгэцийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг бууруулдаг
Ээж-хүүгийн харилцаа эрэгтэй хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд ч хүчтэй нөлөөлдөг болох нь батлагдсан байдаг. Тэрээр асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд суралцаж, сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүрээс ангижрахад хангалттай дэмжлэг авдаг байна.
9. Хөвгүүдийг амжилтад хүрэхэд тусалдаг
Хэрэв бид сайн сурлагатай, өөртөө итгэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой нэгэн болчихвол амьдралын хамгийн төгс жорыг эзэмшлээ л гэсэн үг. Үүнд бид зөвхөн санхүүгийн хувьд амжилтад хүрэх тухай яриагүй бөгөөд хамгийн чухал зүйл болох аз жаргалын талаар онцолж байгаа юм. Бүх ээжүүд хүүгээ аз жаргалтай байлгахыг хүсдэг бөгөөд өөрсдийнх нь оролцоо асар их гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо