Хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламжийн чухал бүрэлдэхүүний нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ юм. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүд үзүүлж байна.
Өнөөдөр эмнэлгүүдэд, иргэдэд учир ч байгаа бэрхшээлүүдийн гол асуудал эмнэлгийн очер дугаарлалт. Хэт их төвлөрөл үүсснээс энэ асуудал гардаг. Иймээс улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I. II. III төв эмнэлэгт ачааллыг жигд хуваарилан 21 аймаг, 9 дүүргийг хувааж өгснөөр хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлж буй иргэдийн очер хүлээгдэл эрс буурлаа.
Мөн орон нутгийн бүсийн оношилгооны 5 төвийг дээрх 3 эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулснаар орон нутгийн иргэд зардал гаргахгүйгээр орон нутагтаа үйлчлүүлэх боломж бүрдүүлж шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийн шийдэл бүрэн хийгдсэнээр хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгалыг сааруулж байна.
Ингэсээр сум, аймгийн төвийн иргэд аймгаас, мөн бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс тусламжаа авч Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй гэсэн үг.
Ингэж төвлөрөл сааруулахын зэрэгцээ I. II. III төв эмнэлэг Дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем, Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийж эхэллээ. Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ –г ашиглан оношлогоонд нэвтрүүллээ.
Төрөлжсөн мэргэжлийн тусламжийг зөвхөн нэг төв бие дааж үзүүлж ачааллаа дийлэхгүй, очер их, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тусламжийн үйлчилгээ орхигдон гадны улс оронд явах нь их хэвээр байгаа.
Тухайлбал, улсын хэмжээнд гэмтлийн тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ, хавдрын тусламжийн дийлэнхийг ХСҮТ үзүүлж ирсэн. Энэ төвүүдийн ачаалал хэт ихэссэнээс төлөвлөгөөт хагалгаа 2-3 сараар хойшлох, өдөрт хийгдэх эмнэлгийн тусламжийн хэт их ачаалал нь эргээд тусламжийн чанар, аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгааг анхаарч томоохон өөрчлөлтийг хийж байна.
Жишээ нь, гэмтлийн мэс засал, яаралтай тусламж, хавдрын хими ба хөнгөвчлөх эмчилгээ зэргийг бусад эмнэлэг, дүүрэг, аймагт үзүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн. Энэ хүрээнд төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн мэргэжлийн баг нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлэгт /ДЭН/ , мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт /АНЭ/ очиж ажиллах, орон нутгаас тухайн мэргэжлийн эмч, мэргэжилтэнг төв дээр дагалдуулан сургаж “ажиллан сурах” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Өмнө хавдрын хими эмчилгээ зөвхөн ХСҮТ, цөөн хэдэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хийгдэж байсан бол одоогоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт уг эмчилгээг хийж эхлээд байна. Дараагийн чухал хэсэг нь тухайн эмчилгээнд ашиглаж буй эмийн чанар, аюулгүй байдал бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулан энэ чиглэлд томоохон эргэлт, шинэчлэл хийгдэнэ.