УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат: Ерөнхийлөгч Авилгатай тэмцэх тухай хуульд хориг тавьсан. Хоригийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхэд АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Энэ хуульд нэлээд нягталж үзэх ёстой. Оффшорын мөнгө орж ирсэн энэ үед яаралтай хэлэлцэх шаардлага байгаа. Ерөнхийлөгч энэ сарын 8-нд Коронавирус халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм эдийн засгийн бэрхшээлийг даван туулах тухай онцгой арга хэмжээний УИХ-ын тогтоол өргөн барьсан. Өнөөдөр нэгдүгээр сарын 25-н. Гэтэл энэ тогтоолыг одоо хүртэл хэлэлцээгүй. УИХ-ын намрын чуулган удахгүй завсарлах гэж байна. Энэ тогтоол маш чухал, нэн шаардлагатай. Коронавирусийн цар тахлын хүнд хэцүү үед МАН-ын бүлэг Засгийн газраа огцруулчихаад ард түмнээ бодохгүй байна. Энэ тогтоол аж ахуйн нэгж, өрхүүдээ дэмжсэн. Гэтэл УИХ-аар үүнийг хэлэлцүүлэхгүй байна. Энэ мөнгийг олгоход 900 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Үүний эх үүсвэрийг оффшороос оруулж ирж болно.
Мөн Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн томилогдох нь. АН-ын бүлэг хэлэлцээд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжих боломжгүй гэж үзлээ. Огцорсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн Ерөнхий сайд болоод ямар ялгаа байна аа. Үнэхээр хариуцлага тооцоод бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм бол яагаад дахиад дотроосоо нэг хүнээ сайд болгож байгаа юм бэ” гэлээ.
Л.Баяр