Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд 15,071 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 19 хүнд халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бөгөөд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдсан хүмүүсийн анхан болон давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал,
- Монос эмийн сантай холбоотой тав,
- ХасБанканд батлагдсан тохиолдолтой холбоотой нэг хүнд халдвар илэрсэн бөгөөд
- Бусад нь Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт гарсан өвчлөлтэй холбоотой ойрын хавьтлууд юм.
Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 782 болсон. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч гарсан.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 1,611 болсноос 1,125 хүн эдгэрээд байна” гэлээ.