Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцорсон даруйдаа хуралдаж, шинэ Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг томилох шийдвэрт хүрсэн байна. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг төрийн тусгай хамгаалалтад авсан байна.
Одоо энэ асуудлыг МАН бага хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
Ерөнхий сайд, Засгийн газартай холбоотой Үндсэн хууль дахь заалтууд:
Үндсэн хуулийн 39 дүгээр зүйл
- Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
- Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
- Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
Н.Батаа