Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайдыг огцрохыг дэмжсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтээр гар өргөн санал хураалт явуулахад 95.2 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуудлыг хэлэлцэх үеэр ” Хариуцлага үүрч явснаас биш зугатаж явсангүй. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эхийг авч яваа байдлыг хараад миний охин, эхнэрийг ингэвэл яах бол гэж бодоод үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Би уур хүрвэл хүнтэй зодолдож, өрөвдвөл нулимс унагах ийм л нэгэн Монгол эр хүн.
Коронавирусийн эсрэг тэмцэнэ гэдэг бол амар ажил биш юм билээ. Хорио цээрийн дэглэм хүн болгонд таалагддаггүй. Олон үйл явдлаас болж алдаа дутагдал гарсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ халуун цэг дээр гэр бүл, хань, ижлээ орхиод олон арван хүнийг эмчилж, өөрөө өвдөж байгаа хүмүүсийн буруу биш шүү. 190 мянга гаруй төрийн албан хаагчийн буруу гэж би хэлэхгүй. Уулын мод урттай, богинотой. Улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүс хийж байгаа. Гэхдээ сэтгэлтэй нь илүү олон гэж бодож байна.
Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Цаашид шат шатанд ажил хариуцаж байгаа дарга нар ажил хийж чадахгүй бол өөрөө хариуцлагаа үүрээрэй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Миний эхлүүлсэн ажил цаашаа үргэлжилнэ. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм. Түүнээс биш айж хулчийгаагүй” хэмээн мэдэгдсэн юм.