Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний эсрэг 14 вакциныг нэн яаралтай үед хэрэглэх боломжтой эсэхийг судалж байна. Үүнээс тэргүүн эгнээнд АНУ-ын “Пфайзер”, Германы “БайоНТек” компанийн хамтран боловсруулсан “Комирнати” хэмээх вакцин 5 үе шатыг бүгдийг нь давж, 2020 оны сүүлчийн өдөр ДЭМБ-аас дэмжигдсэн гэж тус байгууллагаас мэдээлжээ.
Мөн ойрын хэдэн долоо хоног, сарын хугацаанд сайшаагдах хэд хэдэн вакцин бий. Тухайлбал, Британи-Шведийн “АстраЗенека компани”, Оксфордын их сургуулийн танилцуулсан 2 бэлдмэлийн нэгийг энэ сарын сүүлчээр юм уу ирэх сард, хоёр дахийг нь ирэх сарын сүүл хагаст ДЭМБ-аас батлах төлөвтэй байгаа гэнэ.
Америкийн “Модерна” компанийн вакцины тухайд хоёрдугаар сарын сүүлчээр шийдвэр гаргах магадлалтай гэсэн бол Энэтхэгийн Ийлдсийн хүрээнгийн вакцинтай холбоотой эцсийн дүгнэлт ирэх сарын дундуур гарна. Тэгвэл Хятадын “Синофарм”, “Синовак” компаниудын бэлдмэл гуравдугаар сарын эхээр ДЭМБ-аас ногоон гэрлээр гарах магадлал өндөр байна. Хятадын гурав дахь вакцин болох “КанСино” компанийн бэлдмэлийг хэзээ сайшаах нь тодорхойгүй байна.
ДЭМБ-аас Оросын Гамалейн нэрэмжит Халдварт өвчин судлал, микробиологийн үндэсний судалгааны төвөөс боловсруулсан “Спутник Ви” вакциныг хяналт шалгалтын 5 үе шатаас 3-ыг нь давсан, энэ сарын 22-н гэхэд хэлэлцүүлэг хийнэ гэсэн бол Оросын хоёр дахь вакцин “Эпиваккорона”-г дахиад 4 үе шат давах ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл, Оросын вакцинуудаас нэгийнх нь ч эцсийн шийдвэр гарах хугацаа тодорхойгүй байна.
Үүний зэрэгцээ ДЭМБ-аас коронавирусний халдварын эсрэг хэрэглэж байгаа вакцинуудаас болсон нэг ч нас баралт бүртгэгдээгүй гэж мэдэгдлээ. Тус байгууллагын шинжээч Марианжела Симао “Зах зээл дээр өргөн хэрэглэж байгаа нэг вакцин бий. Тэр бол “Пфайзер”-ынх. Одоогоор бид хэрэглэж байгаа вакцинуудаас болж үүссэн нас баралтын нэг ч тохиолдол бүртгээгүй” гэжээ.
Гэхдээ зарим өвчтөнүүдэд хурц харшил илрэх гэх мэт гаж нөлөө илэрсэн. Тиймээс ямар ч үед эмнэлгийн хяналт дор вакцин хийлгэх нь чухал хэмээн тэрбээр мэдэгджээ.
Э.МАРТ