УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дээрх хуулийн төсөл нь банк, түүний харилцагч хоорондын асуудлыг хөндөж байгаа учраас Монголбанкны мэдээллийг сонсож нэгдсэн ойлголттой болох, бүлэг дээрээ сайн ярилцаж байр сууриа нэгтгэх, түүнчлэн Байнгын хороо, ажлын хэсгийн хүрээнд дахин сайтар нягтлах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага аваад байв.
Намын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 23 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 4.2 дахь хэсгийг “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна.” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу 3.1.20 дахь заалтыг “банкны системд нөлөө бүхий банк” гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг”гэж тус тус өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн төслийн 2 дугаар зүйлийн “30.3 дахь хэсгийн “бүрэн эрхт төлөөлөгчийн” гэсний дараа “оролцоо”, “саналаар” гэсний дараа “хурал, хурлын шийдвэр” гэж” гэснийг “банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.” гэж өөрчлөн найруулж, 2 дугаар зүйлээс хасаж 3 дугаар зүйлд шилжүүлэхээр тогтов.
Төслийн 2 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын “хувьцаа эзэмшигчийг” гэсний дараа “банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн эрхийг шууд бусаар хэрэгжүүлдэг этгээдийг;” гэж,” гэснийг “3.1.12.”банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжив. Харин төслийн 2 дугаар зүйлийн “3.1.16 дахь заалтын “хяналт шалгалтаар” гэсний дараа “банкны зохистой засаглал алдагдсан буюу” гэж,” гэснийг “3.1.1б.“банкны нөхцөлт удирдлага” гэж Монголбанкны хяналт шалгалтаар банкны зохистой засаглал алдагдсан, эсхүл банк богино хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. эсхүл банкны удирдлагыг хэрэгжүүлж байгаа этгээд, албан тушаалтан хуулийг ноцтой зөрчсөн нь банкны үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсгэсэн, эсхүл банк их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл нэмэгдсэн, төлбөрийн чадвар муудаж байгаа нь тогтоогдсон бол тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор банкны удирдлага, зохион байгуулалт, санхүү. үйл ажиллагаатай нь холбогдуулан хуульд заасны дагуу Монголбанкнаас авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээг;” хэмээн өөрчлөн найруулж, 2 дугаар зүйлээс хасаж 3 дугаар зүйлд шилжүүлэхээр тогтов.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 36 дугаар зүйлийн 36.3-36.11 дэх хэсгийг өөрчлөн найруулж, дугаарыг өөрчлөх, мөн зүйлийн 8 дахь заалт буюу 27.1.2 дахь заалтыг “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол;” гэж өөрчлөн найруулахаар боллоо. Түүнчлэн уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх ажлын хэсгийн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооны ажлын хэсэг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал гаргасан нь дэмжигдлээ. Тухайлбал, банк нь Банкны тухай хуулийн 4.2 болон 36.1-д заасан шаардлагыг хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг баталж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх, банкнаас ирүүлсэн төлөвлөгөө нь хэрэгжих боломж хязгаарлагдмал, үндэслэлгүй, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан журмын шаардлага хангаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн Монголбанкны шаардсанаар банк төлөвлөгөөг өөрчлөхөөр тусгажээ.
Түүнчлэн банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батлах зохицуулалтыг дэмжив. Мөн энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байх, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй банк нь Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байхаар зохицуулсан байна. Монголбанк энэ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй банкинд энэ зүйлд заасан арга хэмжээг авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээ авахаар зохицуулах нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь дэмжив.
Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс