УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд үндэсний болон улсын музей төрийн хамгаалалтад байх, Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах, музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 8 жилийн хугацаагаар олгох, Засгийн газар төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, мөн музейн санхүүжилт, музейн сан хөмрөгт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах үзмэрийн үнэлгээ, соёлын өвд хамаарах үзмэрийг судлах, сурталчлах зорилгоор музей хооронд түр солилцох зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасан байна.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 29 саналын томьёолол тус бүрээр нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс