Нийслэлийн “Өргөө” амаржих газарт амаржаад удаагүй байсан эхээс коронавирусийн халдвар илэрч, улмаар тус иргэнийг ХӨСҮТ рүү н шилжүүлэх арга хэмжээг авсан ба тухайн дөнгөж амаржсан эхийг нимгэн хувцастай машинд оруулж байгаа бичлэг цацагдаж, шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн Өргөө амаржих газраас уучлал хүсэн пэйж хуудсандаа байршуулжээ.
Үүнд:
“Коронавирусын (COVID-19) халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж байгаа өнөөгийн нөхцөл байдалд амаржих газрын хамт олны зүгээс нярай биетэй эх, нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн өртөмтгий эрсдэлт бүлгийн үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж, халдвар хамгааллын дэглэмийг журам зааврын дагуу чанд сахин эх нярайн эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байна.
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болох гэр бүлийн хүнээс яаралтай шинжилгээ авах үүргийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу PCR шинжилгээ авахад тухайн өглөө төрсөн ээжид коронавирусийн (COVID-19) халдвар илэрч батлагдсан. Иймээс ХӨСҮТ-өөс өгсөн зааврын дагуу амаржих газарт хөл хорио тогтоож тандалт судалгаа хийх, тусгаарлах арга хэмжээг яаралтай авч эхлэхийн зэрэгцээ эх нярайн биеийн байдал ХӨСҮТ рүү тээвэрлэхэд харшлах зүйл байгаагүй учир тус төвийн багт эх нярайг хүлээлгэн өгсөн.
Тухайн өдөр манай амаржих газарт төрсөн болон төрөх гэж хэвтэж байгаа 180 жирэмсэн ээж, эх нярайн хамт хэвтэн үйлчлүүлж байсан тул тэдгээрийн аюулгүй байдлыг хангахын тулд бид бүрэн бүрэлдэхүүнээрээ зохион байгуулалтад орж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байх энэ хугацаанд эх баригч яарч тэвдэн бусад ээж нараас яаралтай тусгаарлан шилжүүлэх үүднээс ХӨСҮТ-ийн тандалтын албаныханд эхийг хүлээлгэн өгөхдөө хариуцлагагүй алдаа гаргасанд төрсөн эх, нярай, түүний гэр бүлийнхнээс Өргөө амаржих газрын хамт олон гүнээ уучлал хүсэж байна.
Жирэмсэн эх, төрсөн ээжийн сэтгэл зүйн байдал маш тогтворгүй байдгийн зэрэгцээ батлагдсан тохиолдол илэрсэнтэй холбоотой эхчүүдийг тусгаарлаж эмнэлэг бүхэлдээ бэлэн байдалд шилжиж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хавьтагчийг илрүүлэх, цааш тархаахгүй байх асуудал дээр гол анхаарлаа төвлөрүүлэн ХӨСҮТ-ийн тандалтын албатай хамтран ажиллаж байхдаа төрсөн эхэд хайхрамжгүй хандаж ийм алдаа гаргасандаа хүлцэл өчиж, Амаржих газрын бие бүрэлдэхүүн бид цаашид улам анхаарч хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлж байна” гэжээ.
Л.Баяр