УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй 54 гишүүн энэ оны нэгдүгээр сарын 14-нд өргөн мэдүүлсэн Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Улмаар уг хуулийн төслийн агуулга нь бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай юм. Засгийн газар энэхүү төслийг дэмжээгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн байгуулалтын байнгын хороонд мэдэгдэж, хэлэлцэхгүй байх горимын санал гаргасан байна.
Учир нь улс төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа үед төрөөс бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Иймд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Ч.Хүрэлбаатар сайдын горимын саналыг дэмжиж, дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хассан байна.
Б.Эрдэнэ