Эрүүл мэндийн яамны Мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Мөнгөнгүүр эмнэлгийн лаборантыг халдваргүй байхад нь халдвартай гэж эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ асуудалд тайлбар өгнө үү?
-А.Амбасэлмаа: Мөнгөнгүүр эмнэлгийн лаборантын амьдардаг байрнаас 3-4 тохиолдол батлагдсан. ЗООНОЗ-ын өвчин судлалын лабораторид хийсэн шинжилгээнд БГД-ийн 47-р хорооны дөрвөн иргэний онош батлагдаж ирсэн. Тухайн үед авсан шинжилгээнд вирус илэрсэн. Үүнийг ЗООНОЗ-ын өвчин судлалын төв өөрсдөө баталгаажуулж, ХӨСҮТ рүү ирүүлсэн. Энэ хүмүүст вирус илэрсэн учраас эмнэлэгт хэвтүүлэн эмчилнэ. Вирус илрээгүй хүнийг ХӨСҮТ-д эмчлэхгүй. Энэ дагуу л эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа учраас дараа дараагийн давтан шинжилгээнд вирус илрэхгүй байж болно. Коронавирус хүний хамар залгиурт вирус байвал илэрнэ. Хамар залгиурт вирус байхгүй бол шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол бий. Хавьтлуудын шинжилгээ авах үед вирус илэрсэн учраас тухайн лаборантыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. Одоогоор биеийн байдал сайн байгаа.
Л.Баяр