УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан өрх бүрд сая төгрөг олгох тогтоолын төслийг дэмжсэн гэсэн мэдээллийг МАН-ын хэвлэлийн албанаас өгсөн билээ. Тэгвэл тус шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд тодруулга өгөхдөө Ерөнхийлөгчийн тогтоолын төслийг дэмжих шийдвэр гаргаагүй. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг судалж, нухацтай авч үзэх ёстой гэсэн тайлбар өгсөн байна.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгд, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Цар тахлын үеийн нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авах арга хэмжээний тогтоолын төсөл буюу өрх бүрт сая төгрөг олгох, хоёрт, Соёлын сайдын мэдээллийг сонссон. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг судалж, нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар дэмжинэ, дэмжээгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Нэгд, санхүү эдийн засгийн тооцооллыг сайн хийж, Засгийн газрын саналыг авч ярилцах хэрэгтэй байна. Хоёрт, үнэхээр оффшороос мөнгө орж ирж байна уу, түүнийг нь судлах хэрэгтэй. Гуравт, эрх зүйн хүрээний асуудлыг авч үзэх ёстой гэж үзсэн. Энэ тогтоолын төслийг хэлэлцэх боломж хууль эрх зүйн хүрээнд бий юү гэдгийг судлах юм. Дээр гурван асуудлыг судлаад, санал боловсруулаад дахиж бүлгийн хурлаар ярина. Түүний дараа байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ” гэлээ.
Л.Баяр