Шилэн дансны тухай хууль 2014 онд батлагдан 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу төрийн өмчийн оролцоотой бүх компани, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас гадна эдгээрт бараа, үйлчилгээ нийлүүлсэн газрууд шилэн данс хөтлөх ёстой.
Гэтэл өнөөг хүртэл шилэн данс огт хөтлөөгүй газрууд байгааг shilendans.gov.mn харуулж байна.
2021 оны нэгдүгээр сарын байдлаар Шилэн дансанд бүртгэлтэй төрийн өмчит 417 байгууллага байгаа бөгөөд тэдгээрийн 2015-2020 оны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” гэсэн цэсийг бид шүүж үзлээ.
Эдгээр байгууллагаас 80% нь л уг шилэн дансны уг цэсийг хөтөлжээ. Харин үлдсэн нь ямар нэгэн байлуур дутуу хөтөлсөн бол 7% нь огт хөтлөөгүй байна.
Шилэн дансны тухай хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн гээд тооцвол 2020 оны дуустал төрийн өмчит байгууллагууд нийт 72 сарын турш шилэн дансаа хөтөлсөн байх ёстой. Гэтэл 117 байгууллага шилэн дансыг уг цэсийг 12 сар ба түүнээс бага хугацаанд хөтөлжээ.
Эдгээрээс Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа Төрийн өмчит зарим томоохон компани анхаарал татаж байна. Тухайлбал, зам тээврийн салбарын хамгийн том компани болох МИАТ компани 2020 оны сүүлийн гурван улиралд л, зөвхөн Цалингаас бусад таван саяас дээших гүйлгээгээ бөглөөд бусад мэдээллийг огт оруулаагүй байна. Энэ нь Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны “Шилэн дансны цахим хуудсан тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай” журмыг зөрчиж байгаа юм.
МИАТ бол 100% төрийн өмчит компани. Тус компани 2011-2016 онд алдагдалтай ажилласан бол 2017-2019 онд ашигтай ажиллаж байгаад цар тахлын улмаас 2020 оны эхний хагас жилийн байдлаар 16.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мэдээлсэн.
Төрийн банк мөн Шилэн дансны хуулийг огт хэрэгжүүлэхгүй явсаар 2020 онд л Цалингаас бусад таван сая төгрөгийн гүйлгээгээ хөтөлжээ. Дараа жилийн төсөв, Санхүүгийн бүтэн жилийн тайлан, байгууллагын батлагдсан төсөв зэрэг мэдээллээ огт оруулаагүй байгаа нь Засгийн газраас тогтоосон журмыг 6 жил зөрчиж ирсэн болж таарч байна.