Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Гадаад хэргийн яам “Улаанбаатарын яриа хэлэлцээр” нэртэй хоёр өдрийн хурал зохион байгуулжээ. Хуралд АНУ, БНХАУ, Япон, ОХУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын төлөөлөгчид оролцсон юм. АНУ-ыг төлөөлж ирсэн Жоржтауны их сургуулийн профессор Александр Мансуров Хойд Солонгосын төлөөлөгчтэй уулзаж, Отто Уормберийг баривчлах болсон шалтгааны талаар ярилцжээ.
Пхёньянаас ирсэн төлөөлөгч Ким Кван Хак “Отто Уормбер болон Кеннет Бэй гэсэн АНУ-ын иргэд нь БНАСАУ-ын төр засгийг унагах зорилготой байсан” гэж энэ үеэр хэлсэн байна. Кеннет Бэй нь Солонгос гаралтай Америкийн иргэн бөгөөд үүнээс өмнө Хойд Солонгост хоёр жил гаруй хугацаанд хоригдож байгаад суллагдсан юм.
Хойд Солонгосын гадаад хэргийн яамны Америк судлалын хүрээлэнгийн судлаач Ким Кван Хак баривчлагдсан оюутныг “энгийн иргэн байгаагүй” гээд “Хэрвээ Ромд байгаа бол Ромчууд шиг бай” гэсэн зүйр үгийг хэлж “улс бүр өөрийн хуультай” хэмээн Америк профессорт сануулсан гэнэ.
Ноён Кимийн үг нь Отто Уормберийг шилжүүлж өгснөөс хойш Пёньяны хийсэн анхны мэдэгдэл болж байна. Үүнээс өмнө Америк оюутныг сулласан нь “хүмүүнлэг ёсны арга хэмжээ” байсан гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн суваг ганц өгүүлбэрээр мэдэгдэж байв.
Улаанбаатарт болсон хурлын үеэр Пёньяны төлөөлөгчид Дональд Трампын засаг захиргааны бодлого Барак Обамагийн үеийнхээс илүү хатуу байгааг шүүмжилж, Ирак, Ливи, Сири улсуудын хувь заяаг давтахгүйн тулд Хойд Солонгос өөрийн цөмийн зэвсэгтэй болохоос өөр аргагүй байгаагаа илэрхийлжээ.
Ким Квак Хак энэ тухай “Хэдийгээр АНУ манай дэглэмийг унагах сонирхолгүй гэж байгаа ч тэдний үйлдэл нь үгнээсээ зөрж байгаа юм” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн хурлын үеэр Өмнөд Солонгосын төлөөлөгч Ли Хюн Сёг хэлсэн үгэндээ Хойд Солонгосын дэглэмийг “21 дүгээр зууны феодалын улс” гэж нэрлэсэн нь Пёньяны төлөөлөгчдийг бухимдуулж, дөрвөн төлөөлөгч нь хурлыг орхиж гарсан гэнэ.
Эх сурвалж: http://www.ikon.mn/n/11fk