Улаангом сумын 9-р багийн хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Энхболд аавтайгаа хамтран малын хүчит тэжээл үйлдвэрлэн, хямд үнээр зах зээлд нийлүүлж байна.
Аймгийн зах дээр малын тэжээл 25 кг нь 21000-25000 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа энэ үед тэрбээр 25 кг тэжээлийг 14000 төгрөгөөр зах зээлд нийлүүлж байгаа талаараа аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдод танилцууллаа.
Б.Энхболдын бүтээсэн төхөөрөмж нь өдөрт 3-5 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тэрбээр хүчит тэжээлийнхээ түүхий эдийг Баруунтуруун суманд түрээсийн газар дээр тариалдаг бөгөөд аймаг орон нутгаас дэмжээд өгвөл цехийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн, бүтээгдэхүүнийхээ үнийг улам хямдруулж, нэр төрлийг олшруулан, ажлын байр шинээр бий болгох боломжтой байгаа аж.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр “Шинэ хөдөө-Увс” төсөл хэрэгжихээр болжээ.
Увс аймаг : Монцамэ