Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалт, эмчилгээ оношилгооны талаарх 12 судалгааны ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар дөрвөн судалгааны үр дүн гарчээ.
Эдгээрээс “Монгол Улсын “COVID-19 халдвар”-ын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал тооцох” судалгааны үр дүн, зөвлөмжийг НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа ЭМЯ-ны хурлын үеэр танилцууллаа.
Тэрбээр “ДЭМБ-аас хүн амын дунд халдвар 1, 5, 10 хувьд тархахад үүсэх эдийн засгийн дарамтын судалгааг гаргасан байдаг. Тэгвэл уг нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж олгосноороо тус судалгаа ач холбогдолтой болсон.
Манай улсад дотоодод халдвар тарж эхлэх үеийн хүн амын тоо 3,344,237 байв.
Нийт хүн амын хэдэн хувьд халдвар тархвал ямар хэмжээний зардал гарах байсныг хэмнэсэн болохыг танилцуулбал:
- Хүн амын 1%-д халдвар тархахад 66 тэрбум төгрөг (нэг хувьд буюу 33,442 хүний 20% нь \6,688\ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өртгийг 9.8 сая гаруй төгрөг гэж үзвэл \нэг хүн\ нийт 66 тэрбум төгрөгийг эмчилгээнд зарцуулах байжээ)
- Хүн амын 5%-д халдвар тархвал 330 тэрбум төгрөг
- Хүн амын 10%-д халдвар тархвал 660 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал гарах байсныг хэмнэсэн тооцоо судалгаагаар гарчээ.
Манай улсын хүн амын нэг хувь халдвар авах үед 15,824 эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгцээтэй. Өнөөдрийн нөөцөөс харахад 90% -ийн чадамжтай байна. Харин хүн амын таван хувь өвчлөх үед хүний нөөцийн чадамж 18% буюу ачааллаа даах боломжгүй гэх тооцооллын үр дүн гарсан.
Орны нөөцийн хувьд халдвар хүн амын нэг хувьд тарвал хангалттай, таван хувь болвол улсын хэмжээнд 65%, орон нутгийн хэмжээнд 42%-ийн хүрэлцээтэй. Эрчимт эмчилгээний орны нөөц хүн амын нэг хувьд халдвар тархахад 32% байна” гэлээ.
Судалгааны зөвлөмж:
- Нөөц, дэд бүтэц, эрүүл мэндийн мэргэжилтэн, мэргэшлийн тусламж зэргээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас авч ирсэн тусламж дэмжлэг цаашид ч үргэлжлүүлэх
- КОВИД-19 цар тахлын үед хүний нөөцийн эрэлт өсөн нэмэгдэх хандлагатай учир ирээдүйд шаардагдах хүний нөөцийн зардлыг эх үүсвэрийн хамт тодорхойлон улмаар тогтмол сургалтад хамруулж, чадавхыг дээшлүүлэхийг зөвлөлөө.
- КОВИД-19-ийн халдварын үеийн эрүүл мэндийн салбарын бодлогын системийн анализыг яаралтай хийж, шийдвэр гаргагч нарт танилцуулан ажил хэрэг болгох
- КОВИД-19-ийн халдвар хүн амын 5%-д тархахад л Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал илт доголдох тул тархалтыг нэг хувиас хэтрүүлэхгүй байлгах арга хэмжээ авах
- Урьдчилан сэргийлэлт, нөөцийн бүрдүүлтэл, нийгмийн тодорхой зардлуудыг гарган 1.1 их наяд төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг хэмнэж, 126 мянган хүн жилдээ аварч чадсан тул нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг зөв, оновчтой үргэлжлүүлэх
- Цаашид КОВИД-19-ийн шалтгаант эрүүл мэндийн байдлаас улбаалсан эдийн засгийн дарамтыг ялангуяа хувь хүнд учирч буй нийгэм эдийн засгийн дарамт хир байгааг тооцоолох зайлшгүй шаардлагатайг зөвлөлөө.