Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Нийслэлийн засаг даргын тамгийн газарт ажиллалаа. Энэ үеэр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо.
Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Мөн нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн. Зарим дүүргийн онцгой комиссын дарга нартай болон товчоодод ажиллаж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдон санал солилцсон. 2020 оны 11 дүгээр сарын 11-наас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хотоос 86436 тээврийн хэрэгслээр 225248 мянган зорчигч гарсан байна.
Цаашид үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар онцгой комиссын гишүүд санал солилцсон юм.
Шадар сайдын зүгээс аж ахуй нэгж, иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх, эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд дахин хяналт тавих, иргэдийн QR код ашиглах ажлыг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба