Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлгүүдийн бэлэн байдал, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэхийг шалгах, шинээр PCR шинжилгээний лабораторийг байгуулах асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон ЭМЯ-ны холбогдох удирдлагууд өчигдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд Налайх дүүрэгт ажиллах үеэрээ эмч, ажилтнуудтай онлайн уулзалт хийж, тэдний саналыг сонсож, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болсон юм. Мөн Ковид-19 халдвартай хүн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд халдварыг цааш тархаахгүй байх, тасаг хоорондын үйл ажиллагааны уялдаа, эрсдэлээс сэргийлэх тал дээр халдварын дүрмээ сахин ажиллахыг сануулж, засаж залруулах шаардлагатай хэд хэдэн зүйлийг онцолж, үүрэг чиглэл өглөө.
Эрүүл мэндийн сайдын зүгээс “Бид ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө Коронавирусийн халдварын эсрэг бүх анхаарлаа хандуулж ажиллаж байгаа ч бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ тасралтгүй явуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын суурь хөгжил, чадамжийг цаг алдалгүй сайжруулах нь хамгийн чухал. Тиймээс тус дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадвахжуулах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн энэ нэгдүгээр сардаа багтаан тус дүүрэгт PCR шинжилгээний шинэ лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр дүүргийн ард, иргэддээ цаг алдалгүй шуурхай шинжилгээ хийх, тусламж үзүүлэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
ЭМЯ-аас тус дүүрэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын болон оношилгооны дурангийн аппаратууд, рентген аппарат, компьютер томографикийн аппарат зэрэг эмнэлгийн суурь тусламж, үйлчилгээг сайжруулах ажлуудыг хийхээр болсон байна. Түүнчлэн төрөлжсөн төв эмнэлгүүдэд үзүүлж буй мэс засал, оношилгоо, эмчилгээг дүүргийн эмнэлгүүд үзүүлдэг болгох тал дээр анхаарч, бодлогоор бүх талын дэмжлэгийг үзүүлэх юм. Тус дүүргийн ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, оношлох, эмчлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ онд байгуулахаар болсон юм.
Цар тахлын үед шаардлагатай тохиолдолд иргэдийг тандалт, судалгаанд хамруулах үүднээс өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохархан дүүргүүдэд Молекул биологийн лабораторийг байгуулаад байна. Удахгүй Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн лабораториуд ашиглалтад орохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам