Индонез улсын Сулавеси аралд баасан гарагийн шөнө 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар CNN мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас 67 хүн амь үрэгдсэн тухай тус улс дахь олон улсын Улаан Загалмайн нийгэмлэгийн салбарын мэдээллийг иш татан мэдээлсэн бөгөөд нас барсан болон сураггүй болсон хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгааг дурьдсан байна.
Газар хөдлөлтийн төв цэг нь Сулавеси арлын Мажене хотоос зүүн хойд зүгт 6 км зайд, 10 км-ын гүнд байсныг Индонезийн цаг уур, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.
Мажене хотод 637 хүн бэртэж, 15,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичиргээ 5-6 секунд үргэлжлэхэд Мажене хотын 300 орчим орон байр эвдэрч, нурсныг орон нутгийн онцгой байдлын алба мэдээлжээ.
Газар хөдлөлт шөнө дунд болсон тул гэртээ унтаж байсан олон хүн барилгын нурангинд дарагдсан гэж аврах албаны мэргэжилтнүүд үзэж байна. Гамшиг болсон газарт хүрэх замд эвдрэл гарсан нь аврагчдыг илгээхэд бэрхшээл учруулж байгаа гэнэ. Мөн газар хөдлөлтийн улмаас харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтэц гэмтсэн нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тухай CNN мэдээллээ.
Б.Ирээдүй