Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 16.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (6.7%) их наяд төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.1 (8.4%) их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 227.6 (6.1%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна. Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 74.9 (6.7%) тэрбум төгрөгөөр, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 23.6 (21.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр болон алтны олборлолт өмнөх оноос 1.1-24.6 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, цемент, гурил, шингэн сүү зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-11.5 хувиар тус тус өссөн байна. Мөн нүүрсэн шахмал түлш болон амны хаалтны үйлдвэрлэл 2020 онд өмнөх оноос 2.7-13.3 дахин өссөн байна.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос 1.8-40.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт спирт, согтууруулах ундаа, шохой, катодын зэс, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах, баяжуулсан нүүрс, самнасан ноолуур, металл бэлдэц, тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-49.1 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр 19.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 902.3 (4.4%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 539.2 (3.8%) тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 470.6 (8.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.