Өнөөдрийн ЭМЯ-ны коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст үс унах, хумс хугарах, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараа эмнэлзүйн шинж тэмдгүүд гарч байгаа талаар дэлхийн олон улс орон судалж байгаа.
БНХАУ-д 1700 өвчтөний дунд хийсэн судалгаагаар зургаан сарын дотор үс унах, ядрах, булчин сулрах, нойр муу болох, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа. Тэгэхдээ эдгээр шинжүүд нь хүн бүрт илрэхгүй байгаа. Өвчилсөн хүний нас болон хэр зэрэг хүнд өвдсөн гэдгээс шалтгаалж шинж тэмдгүүд илэрч байна. Хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд хам шинжүүд илрэх нь бага.
- 60-аас дээш настай өвчтөнүүдэд мартах, ой санамж алдагдах зэрэг шинж тэмдэг давамгайлж байна.
- 30-с дээш насны залуу хүмүүсийн хувьд эмэгтэйчүүдэд нь үс унах, хумс хугарах, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Мөн зүрх, судас, бөөр, уушгинд архаг өвчний үлдцүүд гарч байна. Энэхүү шинж тэмдгүүд нь хэр зэрэг удаан хугацаанд гарч, илэрч үргэлжлэх вэ гэдгийг эрдэмтэд судалж байгаа.
Иймд иргэд аль болох вирусийн халдвараар өвчлөхгүй байхын тулд хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас гаргаж, зөвлөж байгаа зааврыг авч хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй” гэлээ.
Л.Баяр