Cогтуугаар автомашин жолоодсон иргэн уулын уруу унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 22:03 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид “Асем вилла” хотхоны зүүн талын уул буюу заасан газарт очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн 42 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтайгаа уулын уруу унах гэж байжээ.
Иймд тухайн иргэнийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.