Нэг өрхийн усны дундаж хэрэглээ хоногт 80-100 литр. Усны хэрэглээ хичээл сургууль орох, баяр ёслолтой холбоотой 8, 9, 12, 2 дугаар сард ихэсдэг бол хөл хорио тогтоосноор энэ нь 4-6 хувиар өсжээ.
Төрөөс айл өрх, зарим үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг хариуцах шийдвэр гаргасан ч усны хэтэрсэн хэрэглээнд хяналт тавьж, үйлдвэрийн болон өөр зориулалтаар ашиглавал илүү хэрэглээгээ иргэд төлөхийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл өнөөдөр мэдээлэв.
Ингэхдээ тухайн сарын усны хэрэглээний төлбөрийг дундаж төлбөртэй нь харьцуулж, чөлөөлөлтөд хамруулна. Өнгөрсөн оны хэрэглэгчдийн судалгаагаар хот, суурин газрын ус хангамжийн үйлчилгээнд 755.7 мянган хэрэглэгч хамрагдсанаас 728.1 мянга нь айл өрх, 27.8 мянга нь аж ахуйн нэгж байгууллага байв. Эдгээрээс 341.1 мянга нь хот суурин газрын орон сууцны айл өрх бол 387.02 мянга нь гэр хороолол, сумын төв, суурин газрын айл өрх юм.
“Төрөөс 24.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны төлбөрийг хариуцаж байгаа ч бодит байдал дээр 70 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж байгаа”-г Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь хэллээ.
Төрөөс хариуцах төлбөрт цэвэр, бохир усны төлбөр, усны суурь хураамж, гэр хорооллын ус түгээх байрнаас борлуулах болон зөөврөөр хүргэх усны төлбөр, тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын тээврийн хэрэгслээр бохир ус татан зайлуулах төлбөр хамаарч байна. Тус зөвлөлийн мэдээлснээр 700 гаруй айл өрх, 20 мянга гаруй аж ахуй нэгжид 10 тэрбум 900 гаруй төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.
Харин өнгөрсөн 12 дугаар сарын нэгнээс өмнө хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөр, хуримтлагдсан өрөө хэрэглэгч хариуцан төлнө. Мөн усны тоолуурын заалтаа хугацаанд нь мэдээлснээр төрөөс хариуцах цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, тооцоог цаг тухайд нь хийхэд дэмжлэг болно.
Усны төлбөрийн бичилт, тоолуурын заалттай холбоотой зөрчил, дутагдлын талаар 7014-7448 дугаарт хандаж, гомдол мэдээллээ шалгуулах боломжтой.