БЗД-ийн байрнуудын нэг орцонд хамт амьдардаг болон хөрш айлуудын хүмүүс халдвар авсан тохиолдол гараад байгаа билээ. Коронавирус агааржуулалтын хоолойгоор дамжин халдварлаад байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
Тэрбээр “БГД-т дөрвөн орон сууцанд гэр бүлийн халдвар бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын зэргэлдээ хаалга болон дээд, доод давхрын хүмүүс халдвар авсан. Тэдгээр иргэдийн үйлчлүүлдэг хүнсний дэлгүүр, СӨХ нэг бөгөөд орцондоо тааралддаг бөгөөд одоогоор агааржуулалтын эсвэл усны хоолойгоор халдвар дамжсан гэсэн судалгаа дүгнэлт гараагүй байна. Энэ халдвар агаар дуслын замаар халддаг учраас бие биетэйгээ хавьтал болж халдвар тархсан гэж үзэж байгаа.
Мөн дээрх асуудлаар үргэлжлүүлэн Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
“Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор коронавирусийн халдвар тархсан байна гэсэн судалгаа байгаа. Тухайлбал, 2020 онд Сингарпурт гадаад ажилчдын байранд агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан. Хонг Конгт нийтийн байрны агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан гэсэн мэдээлэл судалгаанууд байгаа. Дэлхий дахинд агааржуулалтын хоолойгоор халдвар тархах өндөр магадлалтай гэж үзэж байгаа.
Манай улсын тохиолдлын хувьд тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Орон сууцанд амьдардаг иргэд маань аль болох цахилгаан шатанд суухгүй байх, нэг цахилгаан шатанд хоёроос дээш хүн суухгүй байх, өөд өөдөөсөө харж зогсохгүй байх. Мөн аль болох шатар явах, шатаар явахдаа шатны бариулд хүрэхгүй байх зэрэг зөвлөмжийг өгч байна.
Агааржуулалтын хоолойгоор халдвар дамжиж байна гэсэн таамаг төрвөл агааржуулалтын хоолойгоо ажиллаж байна эсэхийг шалгуулах, шаардлагатай тохиолдолд наалддаг туузаар битүүлэх арга хэмжээ авахыг дэлхий дахинд зөвлөж байгаа” гэлээ.
Л.Баяр