Баянзүрх дүүргийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн, хөрш 4 хүнээс коронавирус илэрсэн байна. Энэ голомтод дөрвөн гэр бүлийн 10 гаруй хүн өвчилсөн. Үүнтэй холбоотойгоор тус хороонд голомтын илрүүлэг шинжилгээг хүн амын дунд өргөн хүрээнд явуулах болсон байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Ачтан эмнэлгийн голомт гэр бүлийн, цаашлаад орцны, хөрш айлуудын гэсэн хэлбэрээр үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус голомтод нийт 48 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 22 нь эмнэлгийн ажилчид бол 26 нь бусад хүмүүс байгаа юм. Таван орон сууцанд халдвар гараад байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. БЗД-ийн 17 дугаар хороонд дөрвөн гэр бүлийн 10 гаруй хүн өвчилсөн идэвхтэй голомт бүртгэгдээд байгаа.
Түүнээс үргэлжлэн 9 дүгээр хороонд халдвар гарсан. Үүнтэй холбогдуулан БЗД-ийн 17 дугаар хороонд БГД-ийн 5, 6 дугаар хороонд хийсэнтэй адил илрүүлэг, шинжилгээ хийх ажлыг өнөөдрөөс зохион байгуулж байна” гэлээ.
Л.Баяр